Инвазив бусаар эерэг даралтаар амьсгалуулах нь


Эмнэлзүйн практикт инвазив бус аргаар буюу өвчтөнд интубаци ашиглалгүйгээр эерэг даралтаар амьсгалуулах нь ихээхэн үр дүнтэй амьсгал удирдах арга хэлбэр юм. Эрчимт эмчилгээний практикт инвазив бусаар эерэг даралтаар амьсгалуулах аргачлал нэвтэрснээр интубаци тавихтай холбоотой олон тооны хүндрэлүүдээс зайлсхийх, өвчтөнд зовиур багатайгаар амьсгал удирдах боломж олгодог байна. Энэхүү видеонд инвазив бусаар эерэг даралтаар амьсгалуулах ажилбарын заалт, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Тохойн мултралыг оруулах


Тохойн мултрал нь 6-аас доош насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог гэмтлийн нэг юм. Энэ нь энэ насны хүүхдүүдэд шуу ясны толгой хэсэг насанд хүрсэн хүнтэй харьцуулахад гүйцэд хөгжөөгүй байдгаас амархан мултрах хандлагатай байдаг. Энэхүү видеонд бага насны хүүхдэд тохиолдох тохойн мултралыг зөв зүйтэй буцаан оруулах арга барилыг харууллаа. Түүнчлэн мултарсан тохойг буцаан оруулах заалт, эсрэг заалт, анхаарах зүйлс, бэлтгэл хангах зэргийг тодорхой дурьдсан болно.

Гастростомийн гуурс солих

 
Гастростомийн гуус буюу ходоодонд гуурс тавих ажилбар нь мэс засал, эрчимт эмчилгээний практикт өргөн хэрэглэгддэг бөгөөд ходоод, нойр булчирхайн ачааллыг бууруулах, мэс заслын дараах үрэвслийн шүүдсийг гадагшлуулах, хүнд өвчтөнг гуурсаар хооллох зэрэг эмнэлзүйн олон чухал ач холбогдолтой. Энэхүү видеонд гастростомийн гуурсыг хэрхэн зөв байрлуулах, гуурсыг солих, гуурс тавих заалт, эсрэг заалт хийгээд гарч болох хүндрэлүүдийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн болно.

Хувийн хамгаалах хэрэглэл өмсөх ба тайлах аргачлал


Халдварт өвчин, цар тахалын үед эмч, эмнэлэгийн мэргэжилтэн хувийн хамгаалах хэрэгслийг зүй зохистой хэрэглэж дадсан байх нь өөрийгөө болон өвчтөнийг халдварын эрсдлээс хамгаалах боломж олгодог. Өвчтөний ялгарах цус, биеийн шингэн, өвчтөний хэрэглэсэн эд зүйлс зэрэгтэй харьцах үедээ хувийн хамгаалах хэрэгслийг зөв, аюулгүй хэрэглэх нь чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Энэхүү видео нь эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд хувийн хамгаалах хэрэгслийг хэрхэн зөв зүйтэй өмсөх, тайлах, түүнтэй харьцах аргачлалыг дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Kissing-balloon арга барил


Kissing-balloon арга барил (kissing-balloon technique) нь титэм судасны интервенцийн үед ерөнхий судаснаас хажуугийн салаа гарах хэсэг (бифуркаци) орчимд байрласан нарийслийг тэлэхэд ашиглагддаг. Үйлдлийг гүйцэтгэхдээ эхлээд ерөнхий судас болон түүнээс гарсан хажуугийн салаа тус бүрт хөтлөгч wire (guide wire) байрлуулна. Эхний баллон тэлэгчийг ерөнхий судсанд байрлуулж, хоёрдахь баллон тэлэгчийн дистал хэсгийг хажуугийн салаа руу аль болох гүн оруулж байрлуулах ба проксимал хэсгийг ерөнхий судсан дахь баллон тэлэгчтэй хамт байрлуулна. Хоёр баллоныг тэлэхдээ дан судсанд хийгдэх тэлэлтээс арай бага даралтаар хийлдэг. Учир нь ерөнхий судсанд 2 баллон тэлэгч байгаа тул хэт өндөр даралтаар хийлэх нь судасны хананд даралтын ачаалал үзүүлснээр гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Хажуугийн салаанд байрлуулж буй баллон тэлэгчийг аль болох гүн оруулснаар ерөнхий судсан дахь стентийн хажуугийн салааны амсартай давхцаж байрласан хэсэг цусны урсгалын дагуу чиглэлд буюу хажуугийн салаа руу цухуйж ордог (protrusion). Зарим тохиолдолд баллон тэлэгчийг хангалттай гүн оруулж байрлуулаагүйн улмаас стент ерөнхий судас руу чиглэлтэй ивэрч орсноор тэр хэсэгт тромбоз, дахин нарийсал үүсэх эрсдэл бий болдог байна. 

Хажуугийн салаанд стент байрлуулах


Титэм судасны интервенцийн үед судас салаалах хэсэгт буюу бифуркаци орчимд байрласан гэмтэлийг тэлэх, стент тавих асуудал төвөгтэй, нарийн арга техник шаарддаг. Салаалалт орчмын гэмтэл нь стент байрлуулахад төвөгтэй, стент тромбоз бий болох, дахин нарийсалтын хувь өндөр зэрэг олон эрсдэлийг дагуулж байдаг. Энэхүү бэрхшээлийг давах нэг арга зам нь side branch stent юм. Side branch stent загвар, тэлэх арга зам, өвөрмөц онцлогоороо ялгаатай олон хэлбэрүүд байдгаас дээрхи видеонд Tryton загварын side branch stent-ийг танилцуулсан болно. Тус стентийг бүтээгчид янз бүрийн гэмтлийн үед тавих боломжтой, салаалж буй судасыг найдвартай тэлдэг, үндсэн судсанд гэмтэл бага учруулдаг, тэлэлт хийхэд хялбар зэрэг олон давуу талыг танилцуулсан ба эмнэлзүйн судалгаанууд эерэг үр дүнг өгч байгаа юм.

Стент байрлуулах Crush арга барил


Титэм судасны интервенцийн үед салаалалт орчмын гэмтэлийг амжилттай тэлэх нь ач холбогдолтой байдаг. Crush technique нь салаалалт орчмын нарийсалд стент байрлуулах нэг арга барил юм. Ажилбарын эхэнд эхний стентийг хажуугийн салаанд тэлэлгүйгээр байрлуулах ба хоёр дахь стентийг хажуугийн салааны амсарыг бүрэн хамарч байхаар тооцож үндсэн салаанд байрлуулдаг. Ингэхдээ үндсэн салаанд байрлах стентийн арын тэмдэглэгээ (проксимал тэмдэглэгээ)-г хажуугийн салаанд байрлах стентийн арын тэмдэглэгээтэй харьцуулахад арай илүү проксимал байрлалд байхаар тооцно. Хажуугийн салаанд стентийг зохистой байрлуулсны дараа баллооныг тэлж стентийг байрлуулна. Үүний дараа хажуугийн салаанаас стент баллоон болон wire-ийг буцаан авна. Одоо үндсэн салаанд урьдчилан байрлуулсан хоёрдахь стентийг тэлж байрлуулах ба энэ үед хажуугийн салаанд байрлуулсан стентийн үндсэн салаан дахь хэсэг судасны хана руу шахагдаж шалчийдаг. Төгсгөлд нь kissing balloon technique ашиглан хоёр салааг зэрэг тэлэлт хийснээр үндсэн салаан дахь стентийн хажуугийн салааны амсартай давхардаж байрласан хэсэг чөлөөтэй болно.