Стент байрлуулах Crush арга барил


Титэм судасны интервенцийн үед салаалалт орчмын гэмтэлийг амжилттай тэлэх нь ач холбогдолтой байдаг. Crush technique нь салаалалт орчмын нарийсалд стент байрлуулах нэг арга барил юм. Ажилбарын эхэнд эхний стентийг хажуугийн салаанд тэлэлгүйгээр байрлуулах ба хоёр дахь стентийг хажуугийн салааны амсарыг бүрэн хамарч байхаар тооцож үндсэн салаанд байрлуулдаг. Ингэхдээ үндсэн салаанд байрлах стентийн арын тэмдэглэгээ (проксимал тэмдэглэгээ)-г хажуугийн салаанд байрлах стентийн арын тэмдэглэгээтэй харьцуулахад арай илүү проксимал байрлалд байхаар тооцно. Хажуугийн салаанд стентийг зохистой байрлуулсны дараа баллооныг тэлж стентийг байрлуулна. Үүний дараа хажуугийн салаанаас стент баллоон болон wire-ийг буцаан авна. Одоо үндсэн салаанд урьдчилан байрлуулсан хоёрдахь стентийг тэлж байрлуулах ба энэ үед хажуугийн салаанд байрлуулсан стентийн үндсэн салаан дахь хэсэг судасны хана руу шахагдаж шалчийдаг. Төгсгөлд нь kissing balloon technique ашиглан хоёр салааг зэрэг тэлэлт хийснээр үндсэн салаан дахь стентийн хажуугийн салааны амсартай давхардаж байрласан хэсэг чөлөөтэй болно.